ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ


Эрхэм та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. “Платинум ланд” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа, газрын хэвлийн нөхөн сэргээлт, ашигт малтмалын хайгуул эрхлэх, ашигт малтмалын хайгуул, ашиглалт эрхлэх үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг. Бид өнгөрсөн 13 жилийн хугацаанд ажилтнуудынхаа ажлын байрны орчин, нөхцөлийг сайжруулах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийгмийн хариуцлагаараа үлгэрлэн манлайлж, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан, бүхий л үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэх замаар өрсөлдөхүйц компани болохыг зорин ажиллаж ирсэн. Бид энэхүү зорилгодоо хүрэхийн тулд  багагүй ололт, амжилт, туршлага хуримтлуулсан бөгөөд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, уул уурхайн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг үлгэр жишээ хийх, компанийн зохион байгуулалт, ажлын байрны эмх цэгцийг сайжруулах, дотоод үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг боловсронгуй болгох, хүний эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн шаардлагатай арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулан хэрэгжүүлж, холбогдох төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудтай байнга хамтран ажиллаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд анхаарч, хувь нэмрээ оруулсаар ирсэн. Хамт олныхоо 2017, 2018, 2019 оны ажил хөдөлмөрийн зарим томоохон амжилтуудаас дурдахад: Олон улсын Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо BS OSHAS18001:2007, Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO14001:2015 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсын аудитын байгууллагаар сүүлийн 2 жил амжилттай үнэлүүлж, гэрчилгээгээ гардан авсан. 

Мөн Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны “Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2017” болзолт уралдаанд улсын хэмжээнд 1-р байр, Эрүүл Мэндийн Яамны “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага-2018” болзолт уралдаанд Төв аймгийн хэмжээнд 1-р байр, Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч-2018”, “Шилдэг туслан гүйцэтгэгч-2018” байгууллага, Булган аймгийн “2019 оны эрсдэлгүй аж ахуйн нэгж”-ээр тус тус шалгарсан.

Нийгмийн хариуцлагаараа үлгэрлэн манлайлж Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангитай хамтран Монгол Улсын хэмжээнд анх удаа “Төвийн бүсийн уурхай, уулын үйлдвэрүүдэд тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах онол арга зүйн сургалт, дадлага”, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар”-тай хамтран “Уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд Дотоод хяналтыг төлөвшүүлэх нь” сургалтыг тус тус өөрийн уурхайг түшиглэн амжилттай зохион байгуулсан зэргийг дурдахад таатай байна.

Та бүхний ажилд амжилтын дээдийг, амьдралд нь эрүүл энх, аз жаргал,
хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.