МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛ
Манай компани нь “Нийгмийн хариуцлагаараа бусдыг үлгэрлэн манлайлж, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан бүхий л үйл ажиллагаагаа үндэсний болон олон улсын жишигт нийцүүлж, өрсөлдөхүйц компани болох”-ыг үндсэн зорилгоо болгон ажиллаж ирсэн.
Өнгөрсөн жилүүдэд манай компани нь байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, байгаль орчин, уул уурхайн холбогдох хууль тогтоомжуудаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн уул уурхайн эдэлбэр газрын нөхөн сэргээлтийг бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад үлгэр жишээ болохуйцаар гүйцэтгэж байгааг төрийн захиргааны холбогдох байгууллагуудаас үнэлэн улсын хэмжээнд “Тэргүүний нөхөн сэргээлт” хийсэн аж ахуйн нэгжээр 5 удаа тодорч шагнагдсан билээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүд 2030 он хүртэл 680 сая мод тарьж ургуулах амлалт өгч томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байгаа билээ.
Манай компанийн хувьд хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн байгаль орчны бодлогоо тодорхойлж техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг компанийнхаа эрхэм зорилгоо болгон 2010 оноос хойш тасралтгүй хийсээр ирсэн өдгөө мянга, мянгаар тоологдох ойн төгөл болоод байгаа билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнийг дэмжин “нэг сая мод” тарьж ургуулахаа батламжлаад зогсохгүй бодитоор үр дүнтэй хэрэгжүүлэхийг манай хамт олон зорин ажиллаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч үнэлэн “Туулын зүүн дэнж” төсөлд 2023 оны 6 дугаар сарын 21-нд айлчлан ирж нүдээр үзэж, үнэлэлт дүгнэлтээ өгсөн нь манай хамт олонд цаашид энэхүү амлалтаа давуулан биелүүлэх урам зориг өгсөн юм.